Saturday, September 15, 2018

Хүнийг алдаатай нь хамт хайрлах

Хүнийг алдаатай нь хамт хайрлах
Саарал тэнгэр цаанаа уйлагнан  Улаанбаатар хотын хаана нь ч очсон яг ижилхэн түгжрэл гэгчтэй тулгарах ахуйд  амь наана там цаана ажил бүтээл гэдгийг амжуулахаар 2 хөлийг 4 дугуйтад шууж орхин зорьсон замаа зүглэн явж байлаа. Өглөөнөөс хойш толгой өвдөөд байсан нь кофе ууж амжилгүй ажлаасаа гарснаас болсонд байсныг тархинаас арай л удаан сигнал болгон бодолд оруулсанд бухимдаад за хүрэх газраа очоод кофегоор дайлуулъя гээд сэтгэлээ хууран машинаасаа буух гэтэл зүгээр л байсан зүрх сэтгэлийг яах гэж ингэж догдлуулж чадаваа гэдэг шиг сүүүүн гэсэн асуулт сэтгэлд хад чулуу шиг эсвэл архангайд байх тайхар чулуу шиг шидэгдэн орж ирэв.
-          “Хүнийг алдаатай нь хамт хайрлах” гэж юу гэсэн үг вэ?
Сүүлийн нэг жил өөрийгөө эмо мүүдээс хол ангид байлгах үүднээс эмо нөхдөөс албаар бултаж зугтаж явсан ч даанч энэ асуултаас өөрийгөө холдуулж хүчирсэнгүй. Оршил хэсгээс гол асуултандаа ороёдоо.
АЛДАА+ ХАЙР түлхүүр үгнүүд нь зүгээр сэтгэл рүү зүүгээр сийчин шаах мэт мөртлөө хариултыг нь шууд хэлье гэхээр өвснөөс зүүгээ эрэх мэт бас л баршгүй ээ баршгүй.
Хайртай хүнийхээ өмнө алдаа гаргах? Алдаа гаргасан хүнийг хайрлах?
Чин үнэнчээр итгэсэн хайртай хүнийхээ хажууд л бид хамгийн сул дорой арчаагүй зангаа хэнээс ч нуулгүй гаргаж шидэлж чаддаг. Хайртай хүнийхээ өмнө хамаг сэтгэлээ уудлан дэлгэж хязгааргүйн цаана орших хамаг атгаг сэтгэл, шунал хүсэл, айдас цөхрөл гомдол бахархлаа дэлгэн үзүүлчихээд дотоод ертөнцдөө залан дуудчихаад хайр гэдэг мэдрэмжийн дор энэ бүх дааж давашгүй мэдрэмжүүдээ овоолон овоолсоор мартаж орхино. Гэхдээ дурлалт хосууд умбан жаргахдаа нийгмийн хамгийн энгийн дүрэм болох харилцаандаа зөрчиж үл болох дүрмийг зөнгөөрөө зохиож байдаг. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн нь энэ дүрмээ зөрчих ахуйд хормын төдийд бүхэл байсан харилцаа бутран түм буман сэтгэлийн үйрмэг болоод нэгбүрчлэн буцааж түүх цаг хугацаанд ялагдан хосууд тэрхүү АЛДАА-наасаа болж салаа замын уулзварт ирдэг байх гэмээр.
АЛДАА АЛДАА АЛДАА
 Тэвчихийн аргагүй ямар алдаа намайг энэ хүнээс хагацахад хүргэх бол? Бидний алдааг харах өнцөг өөр өөр. Яаг нэг гэр бүлд яаг нэг сургуульд нэг багшаар заалгаж нэг ижил амьдралын туршлага, сайн яривал нэг тогооноос хоол идсэн мөртлөө дүү бид 2-н амьдралыг үзэх үзэл тэс өөр. Бүр эрс өөр. Иймд би хүмүүсийг байгаагаар нь хүлээн авах дуртай. Байгаагаар нь хүлээн авна хамгийн ярвигтай...
Алдаа гаргадаггүй хүн байдаггүй учраас бид алдаатай нь хайрлахад амархан юм шиг бодогдож байгаа ч би ямар алдааг тэвчиж чадах вэ гэдэгтээ л байгаа юм.
Архи уусаар байгаад эхнэр нь хүүхдүүдтэй нь хаяад явсан ч архинаас гарч чадахгүй байгаа хүүгээ амьдралдаа битгий бүдрээсэй гэж очих ээж /өөрчлөгдөөсэй хэмээн хүсэх/
Шөнө хамт унтахдаа дандаа хурхирдаг нөхрийгөө. Хэт ядрахаараа л хурхирдаг юм даа, ядарсан юм байхдаа гээд шөнөжингөө хурхирахыг нь сонсоод нойргүй хоносон ч уурлаагүй эхнэр / бодит байдлыг хүлээн зөвшөөрөх/
Хайртай залуу чин өмнөх салсан эхнэрийнхээ хүүхдийг өөрөө өсгөдөг. Хойд эх болсон ч хамаагүй энэ л залуутай амьдралаа холбохыг хүссэн эмэгтэй /Залруулж, буцааж болшгүй алдаа-реалист байдлаар хандаарай/
Зүгээр л хэзээ ч гэрийн ажил хийж байгаагүй гүнж шиг бүсгүйд дурласан залуу орой бүр бэлэн хоол идэх ч хайрандаа бялуурах залуу
/ Одоогын алдааг нь ирээдүйд засаад хамтдаа амьдралаа бүтээх хүсэл/
Хэн хэндээ хайргүй болж хөрсөн ч хэзээ ч асахааргүй болсон хүүхдүүдээсээ болоод салж чаддаггүй гэр бүл. /Бид ямар алдаа гаргахаа мэддэггүй. /
Хайр гэдэг хүч чадлаа хурааж тэвчихийн нэр

 Алдаагаа ухамсарлан харилцаагаа авч үлдэхийг хүсэж байгаагаа хэн хэндээ илэрхийлж хамтдаа цаашлахын тулд хичээж үзээд үнэхээр бүтээгүй бол битгий зууралд. Тавьж явуулах ёстой зүйлсийг салхинд чөлөөл
Алдаагаа ухамсарлаагүй ч чи тэр хүнийг уучлах уужим сэтгэлтэй бол тэрийгээ ч мөн нийтэд зарла. Бидний харилцаа удаад ирэхээр нэг нэгнийхээ сэтгэлийг уншаад сурчихна гэж эндүүрэн өмнөх шигээ хуучин харилцаандаа итгэдэг. Чиний энэ алдааны хажууд миний хайрлан хүндэлж биширдэг зан чанар, түшиг, туршлага маань хавь илүү учир би чамд итгэж байна. Ааяаяа солонгос драма шиг амьдрал юмаа.
Алдаа гаргаснаа ч мэдэхгүй яваа хүнийг чи хайрлан байх ахуйд нэгэнт чи ийм л хүнийг хайрласан юм бол болзол тогтоож битгий хайрлаарай. Хариу битгий нэхээрэй зүгээр л залиг март.
Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй номоос ишлэн авсан өгүүлбэрээр энэхүү бодролоо дуусгах ахуйд “Хувийн дагшин орон зайгаа өөрийн хүслээр бусдад найр тавьж, тасчуулж байгаа нэгэн бол мангас...” бүх зүйл чиний гарт буй. Бусдад найр тавих Бусдад хатуу байх нь бидний амьдралын туршлагаас л шалтгаална.
Бид өөрсдийнхөө туулсан туршлага мэдрэмжид итгэнэ. Битгий миний мэдэхгүй зүйлсийг заах гэж оролд би мэдэхгүй.
Ирээдүй үргэлж мишээсээр байдаг тул алдан онон амьдраад л үз. Тэгээд асуу би энэ алдаатай алдаагүй яаг одоо жаргалтай байна уу гээд? 

No comments:

Post a Comment