Saturday, September 13, 2014

Миний 9 намар


Намар-1

Намрын мөчрөөс
Навч хийсэн унав
Навчтай хамт
Нар хэлтрэн унав
Нарны тэр хэлтэрхийтэй
Намрын өдөр унав
Намрын тэр өдөр
Надаас гандан унав. / Д.Пүрэвдорж /
9 сарын 1н үргэлж хүйтэн байдаг шүү. Би даархаараа, сандархаараа, догдлохоороо чичирч бээрдэг гэмтэй. Зунаас илүү сэрүүхэнд, уулзаагүй удсан хүмүүстэй уулзуулдагт, тэнгэрт шувуудыг ганганааг, сүргийг олноор үзүүлдэгт, санаж бас шаналдагт, Навчис өнгөө солидогт, Шинэ учрал үргэлж тохиолддогт, Цойн дурсгалын тоглолт болдогт, Анхны цас бас сүүлийн бороог бэлгэлдэгт, навчаар байлдаж тоголуулдагт, бээрсэн гаргүйгээр орой үдшээр болзоонд явмаар санагддаг ганц улирал болохоор би намарт хайртай.  Баясал шаналалын аль альныг нь өгдөгт, амттай аялал бэлдээд арагшаа хармааргүй урагшаа тэмүүлмээр ганц улирал болхоор би намарт хайртай. 

Намар -2

Миний хамгийн сайхан дурсамжууд, хүүхэд насны дурсамжууд аавтай холбоотой шүү.  хажуу талдаа цахилгаантай жижиг цүнхэндээ бүх зүйлсээ чихэж аваад маргааш аялалд гарна гэхээс сэтгэл догдлоод унтагүйсэн . Цэцэрлэг дээрээ очиод одоо нэрийг нь санахгүй байгаа ч цээжинд тодхон дүртэй найзтаагаа  нандин чавгаар гөөхий сольж цүнхэлсэнийгээ мартдаггүй юм. Тэр аялал намар, нар дөнгөж хөөрч байсан нарлаг мөртөө сэрүүхэн өдөр болсон. Навчсаа гөвж буй модод цаанаа үзэсгэлэнтэй, аав гараас хөтлөөд

-Баярмаа уулын орой дээр гары
Уулын орой дээр гарчихаад наашаа хараад инээмсэглэсэн. Бүгдийг дээрээс харах хамгийн сайхан байдаг юм билээ. Уулнаас буучихаад халуун бууз гаргаж ирээд идэхдээ -Идэхүү гэж асуухад нь үгүй гэсэндээ би одоо ч харамсдаг. 
Хайрлуулж халамжлуулж эрхэлж өссөн миний намар.


Намар 3

Яасан хүйтэн намар вээ? 
-Чи даарахгүй байна уу?
-Энэ жил эрт хүйтэрч байна шүү, Ногоогоо хураахгүй бол болохгүй  нь, 
Баярмаа миний охин нааш ир, манжингаа татаарай.
Үнэндээ манжин тийм ч сонин биш байсан, Оройхон тарьсан тарвас маань л доторх нь улаасан байгаасай гэж хүсэж байсан. Төмс, лууван, манжин, байцаа, хулуу, сонгино хамгийн сүүлд өөрийн тарьсан тарвасаа тэврээд тэр нэг хүйтэн намар. Тарвасны өнгө нь улаан болоогүй ч доторх нь амттай, байсан Тэр намар гадаад үзэмж чухал биш сэтгэл шингэсэн бол амттай жаргалтай байдгыг мэдрүүлсэн. Хүйтэн намар, Алганы минь хэмжээтэй жижигхэн тарвасаа идсэн намар

Намар 4


Гэнэтхэн л ангийн хөвгүүн  надад өөрөөр хандахыг, ангийхан бид 2-г жигтэй нүдээр харцгааж байхыг анзаарч билээ. Хайрын захиаг багагүй авдаг, нүднийх нь өмнө ураад хаядаг тийм л сэхүүн охин байсан. Гэтэл тэр бусдаас өөр байсан, Захиа өгнө, хажууд сууна, бид өөр өөр хүүхэдтэй суудаг байсан ч гэнэтхэн л ангийн багш суудал өөрчлөөд бид 2-г цуг суулгачихаж билээ, хамгаална, онигоо ярина, зөөлөн инээмсэглэдэг түүнийг би ер анзаарч байгаагүйм шиг, энэ олон жил нэг ангийн нөхөд байчихаад миний мэдэхгүй нэгэн хажууд суугаад элчээр төөнөөд байгаамшиг санагдаж билээ. 
-Энэ юу вэ таагаарай
-Мэдэхгүй / Тамирын хичээл орлоо/
-Гэртээ очоод үзээрэй /Хичээл тарсан/
-Шүрээр хийсэн нилээд ганган бөгж 

Одоо бодохнээ надад чин сэтгэл мэдрэгддэг. Би ойлгоогүй биесээ хүлээсэн тэр урт зуны дараа. Минийх болоогүй би түүнийх болоогүй Намар . 

Намар 5

Болилдоо, Болилдоо, шаргал навчнууд газраар нэг хөглөрнө. Зун ногоон байдаг навчнууд гэнэтхэн л нэг нэгээр шарлаж доош унадаг, Салхи ихтэй шөнийн дараа газар навчин хөнжлөөр хучигддаг. Өглөө гэхэд л дээш өнгийхэд үзэгддэг байсан навчнууд газарт унасан байдаг байсан. Булгаа эгчтэй бид нар  навчаар байлдаж тоголдог байсан, гүйгээд гүйгээд л цасаар биш, усаар биш навчаар бөмбөгдөнө гээч.... Манайх 2 том модтой байдаг байсан. Янгир ямаа гэдэг хочтой, юм л бол модон дээр гараад өндрөөс бүхнийг ажиглах дуртай байсан. Бал цаас аваад дээш гарах боловч даанч авьяас байгаагүймдаа. 
2 модны навчис газраар нэг хөглөрнө, салхи хаашаа навчнууд тийшээ, өглөө зүүнд байсан өдөр баруун талд овоорно. Хашаанд хөглөрөөд байна гээд эмээ ууртайгаар навчнуудыг шүүрддэгсэн. 

Яагаад ч юм тэр модыг тайрчихаж билээ...... би тэгэхэд зөндөө уйлсан. Өндөрт гарах өөр зүйлгүй болсондоо, Мандах нарыг жаргах нарыг харах мөчиргүй болсондоо зөндөө шаналж билээ.

Намар 6

Намрын салхи цэлмэгэр жихүүн үед

Найгах өвс хийсэн уярмуй
Навчийн улаанд шүлэг бичсэн мэт
Найрт зузаан хүмүүнээ гомдмуй./ Ванчинбалын Инжаннаши/ 
Тэмдэглэлийн дэвтэрдээ бичсэн сүүлийн тэмдэглэл дээр нилээд хэдэн нулимсаны дусал бий. Түүнээс хойш хэзээ ч тэмдэглэлийн дэвтэр нээгээгүй. юм л бол нүдэндээ нулимс торуулдаг уяхан охин тэгээд л дэвтэрээ шатаачихаж билээ. Шарласан тэр дэвтэртэй хамт шатсан навч үнэртэж, ер бусын анхилуун утаа нь тэнгэр өөд тэмүүлэх мэт хоромхон зуур хийссэнсэн. Намар хэнийг ч хаашаа ч хийсэгчихэж чаддагыг тэгэхэд би мэдэрсэн. 

Асаалттай танкнууд нэртэй, санхүү менежментийн ангийхан зугаалгаар явж байна, 1-р байранд ороод навчсууд дунд хэвтээд, дээшээ харж хэвтээд л 
үзэсгэлэнтэй байгальтай газар байсан

. Тэр их модод алтан шаргал өнгөтэй. би өөрийгөө шаргал өнгөтэй болчихлоо л гэж бодсон. Шинэ орчин, шинэ танилууд  , Би өөрийгөө соримоор байна. Намар~!!! Шинэ эхлэл. 

Намар 7

Намар болчихжээ Жинамаа, чи түүнд дургүйсэн.Гэтэл яагаад
Намуухан сэрчигэнэх дуугаа даалгүй тасрах навчсын дунд ганцаараа зогсоно вэ?
Наашаа хараач дээ над руу нүд рүү минь хараач, Жинамаа
Дэргэдэх мод чинь хус уу ямар нарийхан юм бэ?
Дэндүү нүцгэрчихэж дээ, Жинамаа, чи түүнийг өрөвдөхдөө л
Дэрнэд нь ирж зонссон, тийм үү? Эсвэл тэр дэргэд чинь ургаа юу?
Үгүй дээ.(Би ямар тэнэг юм бэ?) Тийм байж таарахгүй.
Өнө мөнхийн амьдрал гэж байдаггүй л баймаар...
(Өлмийгөө өргө дөө,Жинамаа. Цэцэг ургая гэнэ) Гэтэл энэ мод... Чи...
Яагаад энэ мод дэргэд чинь ургаа вэ?
Яагаад чи түүнийг ийм дотноор ширтэнэ вэ?
Яагаад.. яагаад...Жинамаа. Чи шаналж байна уу даа царай чинь

Яг л... (Атаархам хус мод өлмийд чинь чавчсаа дэвсэж...) / Болд-Эрдэнэ /

Би түүнд энэ шүлгийг уншиж өгөхийн тулд цээжилж билээ, Өөртөө итгэлтэйгээр хөөрхөн болоод, түүний найз охин болчихоод уншиж өгөхийг хичнээн их хүссэн гээч. Тэр хэзээ ч минийх болоогүй. Зориггүй залуусыг би үзэн яддаг. 

Намар 8


 Зэлгээн намрын цагаан үүлс хэсэг хэсгээр тасрахуй

Зэвтэй дурдатгалын илд ногоон нулимс унагана / Б.Лхагвасүрэн /
Баагий гэж энэ хорвоо дээр намайг дууддаг ганцхан хүн бий, Би түүнийг Наагий гэдэг.....Шатаар бууж явахад нь би түүний хойноос - Би чамд хайртай, үнэхээр хайртай, чиний төлөө үхсэн ч чадна гэж хэлэхэд, надруу харсанаа зөөлөн инээсэн. Би түүний инээдэнд дэндүү хайртай байсааан. Над дээр ирэх тоолондоо инээдэгт, ижилхэн зовлонтой байсанд, хамгийн ихээр итгэж байдагт, гараас зөөлөн хөтлөхөд надаас зөөлөн арьстайд, жижигхэн бэлэг үргэлж өгдөг байсанд, Бие биенээ мартий гэхэд бид хамтдаа дэндүү их дурсамж бүтээлцчихсэн байсан.  Гэхдээ 
энэ бүхэн алга урвуулахын хооронд үгүй болж, Миний хамгийн сайн найз, миний анхын хайр 2 надаас яваад өгчихсөндөөө. Хүйтэн намар. Би шатаар уруудаад гүйгээд. Гүйгээд. Мөрлөөд. Хайгаад л. Хайгаад л байсан. Олдоогүй. Намайг хамгаалаагүйд. Чамайг эцсээ хүртэл хамгаалсанд. Би сул дорой байсанд. Чи зориггүй байсанд. Миний бэлгийг буцааж өгөхөд чин би зөндөө уйлсан. Хүйтэн намар. Тэнгэр бүрхэг байсан. Цаг 17:55 болж байсан. Нүд бүрэлзээд. Тэгэхэд миний доторх хүн үхчихсэн. Чи байхгүйд булшилчихсан. ОДОО ИНЭЭМСЭЛЭЛийг чин санахыг хүсдэггүй. Яг тэр шатаар. Яг тэр моддын доор явахыг хүсдэггүй. Чамайг дурсахыг хүсдэггүй. Яг тэр догдлол хэзээ ч надад ирэхгүй. Дахиад хэзээ ч БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хэлээгүй. 

Намар 9


Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч

Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ
Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт
Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ

16 насныхаа төрсөн өдрөөр ямар зүйл хүссэнийгээ би үргэлж санадаг. 18 насандаа тэр хүслээ биелүүлсэн. Үүрийн 5 цагт, нар мандаж байсан. Тамхи татаж байсан. Би худлаа инээх зуршилтай. Аз жаргалтай мэт царайлдаг байсан. Мэдрэмтгий болхоор мэдрэмжээ үргэлж нуудаг байсан. Жаргалтай намрыг үдэж байгаагүйн байнадаа. Жаргалтай улбар намар дурсамжинд минь алга. 













No comments:

Post a Comment