Saturday, January 19, 2013

гэнэт намрын тухай санагдлаа


Шөнө дунд цас орж байна /Л.Өлзийтөгс/



Хав хар тэнгэрээс цагаахан од дусална

Харанхуйд хэн нэг нь уйлж байна

... Энэ яасан сэвсгэр зөөлөн!

Энэ яасан сэрүүн аниргүй!


Гэрэлтдэг, нимгэн, шөнийн өмсгөлтэйгээ

Гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна

Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг...

Шөнө дунд цас орж байна


Гэмгүй сайхан юм ертөнц даяар бударч

хэн нэг нь аяархан санаа алдаж байна

Яагаад ч юм гуниг...

харанхуйн цасны гэгээнд

Яг над шиг нэгэн унтаж чадахгүй

зогсож байна.


2001.01.20


 “Тэнгэрт ургадаг моддын

Тэмдэгт навчин гэгэлзэхэд

Энд намар болдог”

Шинэхэн цасны үнэр

Хуучин гудамжинд нэлхийхэд

Шидэт үг мэт дэнлүүний дор

Орь ганцаар хоцроход

Жавартай үдшийн салхи

Эрт, эдүгээг тууж одоход

Жаргалтай үеийн аялгуу

Энгэр заамнаас урсахад

Хуучин амрагийн үлдээсэн сүрчгийг

Шинэхэн болзоонд анхилуулж

Шидэт үг мэт дэнлүүний дор

Шөнийн турш зогслоо

Хуучин цасны үнэр

Буцах замд нэлхийж

Шинэхэн амрагийн гутлын чимээ

Араас нэхэх нь тээртэй


Р.Эмүжин

No comments:

Post a Comment