Monday, May 26, 2014

Перфект эсвэл перфекционист

Төгс төгөлдөр гэх хүн байхгүй гэдэг мөртлөө бид төгс төгөлдөр цэвэр цэмцгэр зүйлсэд угийн л дуртай хүмүүс. Аливаа зүйлийг хамгийн сайнаараа хийхийг хэт их хичээх нь, аливаа зүйлийг ерөнхийд нь биш хэт детиалчилж харах нь, ер нь аливаа зүйлд баригдмал сэтгэх нь одоо биш ч гэсэн яваандаа муу үр дүнд хүргэдэг юм шиг. Юм бүхэнд сайнтай муутай болхоор перфекционист болох хэрэггүй ч юм шиг. Хэт их өөртөө шаардлага тавих нь цаашлаад тэр шаардлагаа бусдад тавих үндэс болно. Хэрэв чи өөртөө эдгээр шаардлагыг тавидаг бол:
  • Өөртөө үргэлж өндөр босго тавин, түүнээс доогуур байхыг хүлээн зөвшөөрдөггүй.
  • Чи сонирхдоггүй, зориогүй зүйлдээ ч шилдэг нь байхыг хүсдэг.
  • Ямар нэг зүйлийг төгс болгохын тулд чи хэдий л бол хэдий хугацааг зарцуулж чадна. Хооллох, унтахаа ч умартана.
  • Чи туйлын чанарт дуртай. Хар эсвэл цагаан. Саарал гэж байх ёсгүй.
  • Чи өөрөө өөртөө хамгийн хатуу шүүмжлэгч. Жижигхээн зүйл дээр бүтэлгүйтсэн ч өөрийгөө өдөржин зүхэж чадна.
  • Яагаад хүссэн үр дүндээ хүрч чадаагүй, үүнээс сэргийлэхийн тулд юу хийж болох байснаа үргэлж тунгаадаг.
  • Чи алдаа дутагдлыг тэвчиж чаддагүй. Жижиг деталиуд дээрх алдааг олж харахдаа бүргэдийн нүдэт л гэсэн үг
Юу чамайг перфекционист болгосон бэ?
1. Өсөн сайжрах хурц хүсэл
 Чи өөрөө өөрөөсөө төгс чанарыг хүлээдэг. Одоо байгаагаасаа илүү сайн болох ханаж цадамгүй их хүсэл чинь чамайг перфекционист болгожээ.
2. Нийгмийн хүлээлт
 Эргэн тойрныхоо шаардлагад нийцүүлэхийн тулд чи төгс рүү тэмүүлдэг болж эхэлсэн байж болно. Гэр бүлийнхэн, багш нар, дасгалжуулагчид, менежрүүд, дарга нар чинь чиний өмнө маш өндөр босго тавьснаас болоод түүнийг давахын тулд, шийтгэл амсахгүйн тулд аргагүйн эрхэнд перфекционист болсон байх.
3. Өөртөө итгэлгүй байдлаас үүдэлтэй
 Зарим хүний хувьд төгс рүү тэмүүлэх нь өөрөө өөрийгөө басдагтай нь холбоотой. Хүүхэд байхаасаа дутуугаар үнэлэгдсэн юм шиг мэдрэмжтэйгээр өссөн хүмүүс үйлдэл, гүйцэтгэлээрээ ямар чадварлаг гэдгээ батлан харуулах оролдлого хийдэг. Нэг ёсондоо өөрийгөө зарлан тунхагламаар санагддагтаа төгс рүү тэмүүлэгч болсон гэсэн үг.

Перфекционизмийн муу талууд

“Перфекционистууд бол өөрөө өөрийнхөө чөтгөр нь юм.” – Жек Кирби
 Чи магадгүй өөрөөрөө бахархдаг байх л даа. Төгс рүү тэмүүлэгч байх нь өөрөө өөрийнхөө дасгалжуулагч байхад том тус болдог нь үнэн. Гэхдээ нөгөө талаас энэ чанар нь хүмүүсийг өөрийнхөө амьдралыг агшин бүрийг мэдэрсэн аз жаргалтай аялал биш, харин гүйцэтгэлээс гүйцэтгэлийн хооронд, төсөөлөлдөө хүрэхийн төлөө өнгөрүүлсэн хором мөчүүд болгож хувиргадаг.
  Чи өөрийгөө байж чадах хамгийн сайнаараа байхын тулд шахаж, өмнө нь олж хараагүй байсан нөөц бололцоогоо нээн илрүүлдэг. Чи хүмүүсийн боломжгүй гэж бодож байсан зорилгуудад хүрдэг. Чамд урагшлах тасралтгүй, шавхагдашгүй эрч хүч байгаа юм шиг санагддаг. Чамд жижигхэн алдааг ч олж харах хурц хараа бий. Чи бүхнийг зүй ёсоор нь, бүр түүнээс ч илүү хийх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Чи эргэн тойрондоо “боломжгүй зүйл гэж байхгүй” гэдэг мессежийг түгээж, чамаас бусад хүн урам зоригоо авдаг. Тиймээс хэн ч перфекционист байхын муу талуудыг олж хардаггүй. Гэвч...
Перфекционисмийн хоёр төрөл бий. Жирийн болон “мэдрэлийн” түвшин дэх. Эрүүл перфекционистууд хэзээд өөдрөг байдаг бөгөөд алсын хараа, мөрөөдлөөрөө хөтлөгдөн урагшилдаг. Харин “мэдрэлийн” хэмжээнд хүрсэн перфекционисм нь мөрөөдөл зорилгодоо биш зөвхөн ургуулан бодсон зүйлдээ л хөтлөгддөг учраас тийм хүний аливаагаас хүлээх хүлээлт нь бодит амьдралаас хол тасархай байдаг юм. Энэ үед л төгс рүү тэмүүлэх нь огт “төгс биш” зүйл болон хувирдаг. Тэд өөрсдийгөө болон амьдралаа шилдэг хэмжээнд нь барьж байгаа гэдэгтээ бүрэн итгэдэг ч үнэндээ тодорхой шаардлагад нийцэхдээ л анхаарлаа төвлөрүүлэх нь нөөц бололцоогоо бүрэн ашиглахад саад болдог гэдгийг анзаардаг болов уу?

1.Бага бүтээмж

 80-20-ийн хуулийг мэднэ биз дээ? Үүний дагуу үр дүнгийн 80 хувь нь хичээл зүтгэлийн 20 хувиар бий болдог. Харин үлдсэн 20 хувийн үр дүнд хүрэхэд 80 хувийн хичээл зүтгэл шаардагддаг. Чи бараг л нөлөөгүй, ач холбогдолгүй зүйлсэд хамаг цагаа барж, дараагийн ажил руу шилжих боломжоо түгждэг. Үүнийхээ хажуугаар, деталиудад хэт төвлөрсөн байдал чинь чамайг “ажилдаа донтогч” болгож, амрах, нийгмийн амьдралд оролцох, болзох цагаас хороон бага багаар чамайг үр бүтээмж муутай хүн болоход нөлөөлдөг юм. Ирээдүйд илүү олон мод хөрөөдөх хөрөөгөө ирлэхийн оронд, нэг хөрөөгөөрөө л хэтэрхий олон мод хөрөөдөж зогсдог гэсэн үг юм. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр хөрөө иргүй, үр дүнгүй, мохоо болох нь гарцаагүй.

2. Хоосон хүлээлт

Ямар нэг зүйлийг хийх хамгийн сайн нөхцөл байдал, зөв цагийг хүлээсээр байгаад олон удаа хойшлуулж байсан түүх чамд бий юу? Төгс рүү тэмүүлэгч байснаараа чи жижиг ажлыг ч байгаагаас нь том болгож хараад, түүнээсээ сүрдсээр цагаа алддаг. Ажлыг “фантастик” түвшинд хийх хүлээлт өөртөө үүсгэснээр зарим зүйлээс зайлсхийж, зугтсаар байгаад асуудлыг ноцтой болгодог юм.

3. Зорилгоо мартах

Жижиг деталиудад баригдсанаасаа болоод чи заримдаа хийж буй зүйлээ өргөн хүрээнд нь харалгүйгээр, зорилгоос нь хазайлгачихдаг. Өөрөө хэлвэл ганцхан ширхэг модыг арчлахад хамгаа зарцуулснаасаа болоод чи хэсэг газрын бүхэл бүтэн экосистемийг сайжруулах илүү чухал үүрэгтэй гэдгээ явцын дунд умартдаг гэсэн үг юм. Энэ нь чамайг хүссэн шигээ сайн лидер болоход саад учруулж, баруун тархиа гол талбарт ашиглахад чинь муугаар нөлөөлдөг юм. Хэрвээ чи менежрийн ажил хийдэг бол лидер гэхээсээ илүү “микро-менежер” болж л үлдэнэ. Үүнээс гадна үйл явцаас илүү үр дүнд л хайрцаглагдсанаараа, хуримаа төлөвлөсөөр байгаад харилцаагаа муутгах шиг,төгсөлтийнхаа баярыг бодсоор байгаад бүх сурах үйл явцаа саармагжуулахтай адилхан үр дагаварт хүрдэг. Үр дүн чухал хэдий ч нөгөө талаас чиний зорьж байгаа зүйлийн ганцхан бүрэлдэхүүн хэсэг гэдгийг, хамгийн их хэмжээний үүрэг гүйцэтгэх нь үйл явц тэр чигтээ гэдгийг ойлгоорой. Хамгийн их цагаа үрж байгаа хэсгээсээ аз жаргал, таашаал авч амжих ёстой биш гэж үү?

4. Өөрчлөлтөнд уян хатан биш байх

Перфекционистуудын нэг сул тал нь ямарваа зүйлийг хамгийн шилдэг гэж бодсон ганцхан арга замаараа хийх гэж зөрүүдэлдэг юм. Байж болох бусад хувилбаруудад хаалттай хандсанаар өсөн дэвших бүх боломжуудаас өөрийгөө “дээрэмддэг” гэж хэлж болно. Өөр зүйлсийг туршиж үзэх нь хүнд шинэ санааны өргөн цар хүрээг бий болгодог учраас сайжрах гол түлхүүр яахын аргагүй мөн. Ганцхан тодорхой арга замд баригдах нь тухайн үйл ажиллагааг яг үнэндээ одооноос нь сайжруулахад нэг ч алхам хийхгүй байгаагийн шинж юм.

5. Эрүүл мэндийн хувьд муудах

Сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэндээрээ муудах нь перфекционисмийн хамгийн хортой үр дагавар. Чи анзаарсан ч, анзаараагүй ч өдөр болгон урдах зүйлээ сайжруулахын тулд хичээсээр биеэ гаргуунд нь гаргаж, стресст баригддаг. “Ажил” гэдэг нэрээр нойроо хасч, “үүрэг хариуцлага” гэдэг нэрээр дотны харилцаануудаа хойш тавьдаг. Дээрээс нь цаг мөч тутамд үр дүнд нь гарч болох эрсдлүүдийг тооцсоор одоо цагтаа биш, огт байхгүй орон зайнд амьдарч эхэлдэг.
Хэрвээ чи перфекционист мөн бол энэ 5 сул тал чиний амьдралыг баяр баясалгүй болгож аль хэдийнээ эхэлсэн гэдгийг анзаарсан байх. Бүр их тархахаас нь өмнө зогсоо. Ямар нэг зүйлийг хичээж хийснийхээ төлөө өөрийгөө шагнан урамшуулж, аливаа ажил чиний цаашдын том зорилгод хүрэхэд нөлөөгүй шахам бол өөрөөсөө холдуулах юм уу өөр хүнд даалгаж сураарай. Мөн “төсөөлөл” бол чиний тэмүүлэх ёстой зүйл болохоос биш заавал хүрэх ёстой цэг биш гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Амьдрал бол таашаагдахаар заяагдсан зүйл. Амарч, завсарлага авч, хүсэл тэмүүллээ л хүндлэн хайрла. Чи 30 жилийн дараа эргэж хараад өнөөдөр хийгээгүй энэ “деталь” үйлдэлдээ харамсах болов уу? Үгүй гэж бодож байна!
Эх сурвалж: Гоолингоо сэтгүүл



No comments:

Post a Comment