Tuesday, May 6, 2014

TRAUMEREI * Нэг л жаргалтай

Robert Schumann-ы  - Träumerei-г сонсооод.... Шүлэг уншааад төрсөн мэдрэмжээрээ зураг зурдаг шиг...хөг аялгуу сонсоод түүнээсээ төрсөн мэдрэмжээрээ шүлэг бичих....Урлаг гэдэг хааяаа их сайхан шүү...Аливааа урлагаас төрөх мэдрэмж нөгөөгөө хөглөж байдаг, хүн ч гэсэн нэг нэгнээ хөглөж байдаг хорвоо юм шиг . Зүгээр л харах төдийд, инээх төдийд, амжилт гаргах төдийд хараад урам авах хэн нэгэнтэй хүмүүс цаанаа нэг л жаргалтай санагддаг шиг.....

Энд дарж сонсоорой Träumerei-г

Биелээгүй хүсэл, хүсээгүй дурлалын ул мөр

Биен дээрээс минь шумуул мэт дайжин нисэхэд,

Амтлаагүй хэл, зориуд үнсээгүй уруулын хээ

Арьсан дээрээс минь эрвээхэй мэт үргэн хулжихад,

Эргэж ирэхгүй цаг хугацаа мэт юухан нэгнийг

Эгнэгт алдсанаа ухаарч, зурвасхан харууслыг мэдэрч,

Гар даллан "Баяртай" гээд уруулаа хүчлэн инээмсэглэвч

Гашуун шүүрс цээжин дотуур манан мэт хөшилдөнө...

Ингээд л,

итгэх аргагүй "Träumerei" эгшиглэнэ.


Салхи сэвэлзэх бүрийд чамайг бодох болно,

Сар мандах тоолонд чамайг хүсэх болно.

Энэ хэцүү аялгууг сонсох бүртээ

Элэг эмтэрч, зүрх долгисч, амьдаараа үхэх болно.

Эрт цагийн булшинд ороод хэвтчихсэн юм шиг

Эсэн бусын зүүдийг сэрүүнээрээ зүүдлэх болно...

Ингээд л,

итгэх аргагүй " Träumerei" эгшиглэнэ.


2008.11.10


*- Германы хөгжмийн зохиолч Роберт Шуман ( 1820- 1856)-ы аялгуу


Г.Аюурзана. "сэтгэл рүү шагайгч Түүнд"

хуудас 20



Ууланд бороо цайрахуй...

(Экспромт)


Ууланд бороо цайрна...

Урьд шөнө зүүдэнд зодолдсон хоёр турлиах

Амраг хоёр улаан ангир болоод

Чих шүргэн ганганаж өнгөрнө...

Өрөөнд Шуманы "Гансрал" эгшиглэнэ...

Амьдралд "Өнгөрсөн юм" байдаггүй нь мэдэгдэж,

Цаг хугацаа хөлгүй хүн мэт... эсвэл,-

Хөлд ороогүй хүүхэд мэт санагдана!..


Ууланд бороо цайрна...

Өрөөнд Шуманы "Гансрал" эгшиглэнэ...

Урьд шөнө зүүдэнд зодолдсон хоёр турлиах

Амраг хоёр улаан ангир болоод

Чих шүргэн нисэлдэж,

"Амьдралд өнгөрсөн юм байдаггүй!" гэж

Монгол хэлээр ганганалдана...

Би итгэнэ!..

Өрөөнд Шуманы "Гансрал" эгшиглэнэ!..


2010.3.14 Хүн чулууны хонхор.

2011.2.22 -24. Хүн чулууны хонхор.


Д.Урианхай

"У" гараг буюу огтлолцохуй-II

хуудас 116.

гэж 2 ярууу найрагч нар бичжэээ.....

No comments:

Post a Comment