Saturday, August 10, 2013

Л. Гантулгын шүлгүүд их таалагдаад^^

Өнгөгүй өдрүүд


Яг чиний л уруул шиг будаггүй

Ямарч өнгөгүй

Чимээгүй урсах нулимс шиг

Нэг тийм гэмээр өнгөгүй өдрүүд

Үргэлжилнэ...

Цаг хугацаа зогсохгүй

Царцсан зүрх цохилохгүй

Маргааш намайг хүлээхгүй

Магад чамайг санахгүй...


Аажим аажимаар

Алгуурхан замхрах

Чиний тухай бодлууд

Өнгөгүй өдрүүдэд

Нэг нэгээр хорогдох

Миний гэгээн дурсамжууд

Үлдэж хоцрох

Нэг шүлэг.


Г.Гантулга



Он саргүй, цаг хугацаагүй шүлгийн чуулбар



Цэг цэг тэгээд цэг бас таслал

Цээжинд хурсан гуниг бас гаслал

Асаж дүрэлзсэн тэгээд унтарсан дурлал

Адаг сүүлд нь өнчирч хоцорсон зүрхний шаналал


Маргаашын жаргалыг сэтгэлд амласан итгэл

Магад өнөөдрийн учирал, тэгээд хагацлын шийтгэл

Мартагдаагүй бүхний үргэлжлэл өрнөх он жилүүдэд

Аргадаагүй бүхний уучлалыг хүлээсэн эгэл өдрүүд


Цэг цэг дуусгаж чадахгүй нь дахиад цэг таслал

Цэцэггүй болзоо, дарсгүй хөлчүүрэл, жаргалгүй дурсамж

Тэнэглэл, ухаарал хоёрын тэмцэж тэнцсэн фронт

Тэвчээр, алдрал хоёрын тэрсэж, эвлэрсэн талбар


Он саргүй, цаг хугацаагүй шүлгийн чуулбар

Омголон залуу насны минь цаасан дээрх хуулбар

Одоо эсвэл хэзээ ч мартагдахгүй гунигийн таталбар

Орчлонгийн хуультай перпиндикуляр хайрын цагалбар


Г.Гантулга 2009


Ухаарал...


Үнэн гэдэг чинь үхэл юм биш үү

Үүрдийн гэдэг чинь худал юм биш үү

Цаг хугацаа гэдэг чинь

Цаасан дээр хэвлэгдсэн тоо юм биш үү

Цаашлан одох он жилүүд гэдэг чинь

Наашлан ирэх ухаарал юм биш үү


Үзүүрт нь очихгүй жаргал гэдэг чинь

Үнэнийг сөрсөн амьдрал юм биш үү

Ёзоорт нь хүрэшгүй зовлон гэдгийн чинь

Ёгт утга нь шунал юм биш үү


Худал хуурмагийн саарал ертөнцөд

Хувирч өөрчлөгдөөгүйг нь үнэн гэдгийм биш үү

Өнгө, мөнгөний өчүүхэн орчлон дээр

Өөрчлөгдсөн бүхнийг худал гэдгийм биш үү


Г.Гантулга 2008 оны 10 дугаар сар

No comments:

Post a Comment